С.Энхболд: 0-11 насныханд иммуноглобулин хийхээр судалж байна

473
 
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг хангах тухай шийдвэр гаргажээ. Уг ажил 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ба энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.
ЭМ-ийн сайд С.Энхболд "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ. Манай улсын хувьд тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, зүрх судас, гэмтэл хордлого гадны бусад шалтгаантай гэсэн өвчлөл багтдаг. Нас баралтын хувьд зүрх судасны өвчин, хордлого, амьсгалын замын өвчин, хавдар тэргүүлэх шалтгаан болж байна. Манай улсын хувьд насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг боловч нийт 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 7.9 хувь байна. Иймд ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан. Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ шинжилгээнд хамрагдах идэвх сул байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна" гэв.

Мөн сургууль, цэцэрлэг орох гэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн цаг үеийн асуултад хариулт өглөө. Тухайлбал анги танхимд коронавирусний тохиолдол бүртгэгдвэл хүүхдүүдийн хамраас биш, залгиураас шинжилгээ авах аж. 
Мөн иммуноглобулиныг 0-11 насны хүүхдэд хийхээр судалгаа хийж байгаа тухай мэдээлэл өглөө. 
Тэрбээр "ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байдаг. Хүний биеийн хэвийн иммуноглобулиныг 2000 оны эхэн үед манай улс үйлдвэрлэдэг байсан. Хэсэг хугацаанд завсарласан. Үүнтэй холбогдон судалгаа хийж дахин үйлдвэрлэлтийн ажлыг эхлүүлэх чиглэл өгөн үйлдвэрлэл туршилтын явцдаа явж байгаа. Иммуноглобулиныг аль ч насны хүмүүс хийлгэж болдог. Цаад учир нь дархлааны системийг дэмжих зорилготой хийдэг бэлдмэл буюу эсрэг бие гэсэн үг. Үүнийг эхний ээлжинд 12-оос доош насны хүүхдүүдэд ханиад томууны улирал эхэлж байгаа энэ үед иммуноглобулины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм бол хүүхдүүддээ хийх боломж бүрдэнэ гэж үзсэний үндсэн дээр судалгааны ажлыг эрчимжүүлж байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.