Үндэсний шигшээ багийн цалин, урамшуулал

325


Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, амжилт үзүүлсэн тамирчиддаа хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, амьдралын баталгааг нь хангах зорилгоор төрөөс тогтмол урамшуулал олгодог болсон. Засгийн газар анх 1997 онд 252 дугаар тогтоолоор олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн. Тухайн тогтоолд 2001, 2005, 2008 онд өөрчлөлт орж байсан. Мөн 2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” баталж, олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон. Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаараа Засгийн газрын 2009 оны “Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолыг өөрчлөн олимпод оролцож медаль авсан тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг тусгажээ. Энэ тогтоолоор Монгол Улсын тамирчин олимпоос нэг удаа алтан медаль хүртвэл 120 сая,  мөнгө 60 сая, хүрэл медальд 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан байна.
 
Харин тамирчдад насан турш нь буюу сар бүр 2-4 сая төгрөгийг олгох тогтоол гарсан байдаг. Тиймээс “Токио-2020” зуны олимпод оролцож амжилт үзүүлсэн Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус бүр 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт 15 сая төгрөгийг олгохоор болсон.  
 
Харин мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин эсвэл тухайн багтай нэгээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналыг дараах хувийг харгалзан хуваарилахаар тогтоосон. Энэ тогтоолоор Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад төр, засгаас 60 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосон байдаг.
 
Олимпийн наадамд оролцож буй тамирчдын цалин хэрхэн нэмэгдэв 
2019 оноос Монгол Улсын Засгийн газраас “Токио-2020” олимпод илүүтэй анхаарч, олимпийн бэлтгэлийн төсөв, шигшээ багийн тамирчдын цалинг онцгойлон нэмсэн. Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн онуудад олимпод бэлтгэж байгаа тамирчдыг тэтгэх, тэмцээн, эм бэлдмэл, материалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 11.3 тэрбум төгрөгийг төсөвтөө оруулсан. Ингэснээр Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын цалин өнгөрсөн оноос 600-700 мянган төгрөг болж өссөн. Харин олимпийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдаа бүх  боломжоороо дэмжихээ илэрхийлж, тамирчдын цалинг олимп хүртэл 1.5 сая төгрөг болгож, олимп, паралимпийн эрх авсан тамирчдад нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн юм.

Түүнчлэн урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт суулгах бөгөөд шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоохоор Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан байдаг.
 
Үүний зэрэгцээ олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай тамирчин нас барсан тохиолдолд эхнэр, нөхөр, хүүхэд нь хүсэлт гаргавал нэг жилд олгох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа авах боломжтой юм байна. 
 
 
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.