АТГ-ын албан хаагчид гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл тараасан иргэн уучлал гуйжээ
“Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хахууль авч, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлдөг” гэх агуулгатай мэдээллийг нэр бүхий иргэд сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тарааж байгаатай холбогдуулан тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас хяналт, шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд иргэн “Г”-ийн өөрийн олон нийтийн сүлжээн дэх хаягаараа нийтэлсэн дээрх агуулгатай мэдээлэлтэй холбогдуулан тухайн иргэнтэй уулзаж тодруулахад үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйсан байна.
Иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарын утсанд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна тус газрын албан хаагчид болон тэдгээрийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан талаарх бодит мэдээллийг өгч хамтран ажиллахыг АТГ-аас дахин хүслээ.
Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба 2019 онд иргэд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн 47 гомдол мэдээлэлд албаны шалгалт явуулан Төрийн албан тухай хуульд заасныг баримтлан сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 3 алба хаагчийг албанаас халах, 2 алба хаагчийг албан тушаалын цалинг тодорхой хувиар хасах, 3 алба хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн нэр барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан нийт 5 тохиолдлыг тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлэн, хууль бус үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.