Сансрын хог хаягдал ОУСС-ыг гэмтээв

Олон улсын сансрын станцийн нэг элементийг огторгуйн хог хаягдал гэмтээсэн тухай ScienceAlert цахим хуудас мэдээлэв. Тодруулбал, радарт танигдаагүй хог станцын Canadarm2 робот гарыг мөргөн гэмтээжээ. Уг робот нь станцын гадна талд тоног төхөөрөмжийг зөөн байрлуулах, нисэгчдийг задгай сансарт ажиллахад нь туслах онцгой үүрэгтэй.
Сансрын хогтой мөргөлдсний дараа Canadarm2 ажиллах боломжтой хэвээр үлдсэн ч робот гарын доод хэсгийн бүрхүүл урагджээ. Өнөөдөр сансар огторгуйд 23 мянга гаруй биетийн хаягдал бүртгэгдээд буй.