Нэр дэвшигч У.Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа
Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.28/ Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус аймгийн Засаг дарга Г.Батзам, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн МАН-ын дарга Г.Батсуурь нар оролцлоо. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Сонгуульт ажлын хүрээнд миний бие баруун, зүүн аймгуудаар явж ард иргэдтэйгээ уулзлаа. Улаанбаатарын иргэдтэйгээ ч уулзаж, улс орны одоогийн байдал, өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаа олон түмэнд ярьж явна. Өнөөдөр говьсүмбэрчүүд та бүхэнтэйгээ уулзаж байна. Би Шадар сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Говьсүмбэр аймагт удаа дараа ажиллаж байсан. Та бүхний амьдралыг багагүй мэднэ. Өнөөдөр харин та бүхэнтэйгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн хувиар уулзаж байна” хэмээн онцлоод.
“Энэ удаагийн сонгууль Ардын хувьсгалын 100 жилийн ой, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой, олон байгууллагын тэгш түүхэн ойтой жил болж байгаагаараа онцлогтой юм. Иймд бид түүхэн 100 жилээ нэхэн дурсаж, түүхээ сэргээж, ахмад үеийнхэндээ талархах ёстой. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа алдагдсан өмчөө эргүүлэн авснаар ард түмэн баялгийнхаа үр өгөөжийг хүртэж эхэлсэн. Аюулт цар тахлын үед аж ахуйн нэгж, ард иргэдээ дэмжих шийдвэр гаргаж, 0-18 насны хүүхэд бүрд олгох мөнгийг 100 мянган төгрөг болгон 5 дахин нэмлээ. Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан нь цар тахал хийгээд утааг бууруулахад зөв шийдвэр боллоо. Оюутолгойн ордын үр өгөөжөөс хөл хорионы үед санхүүгийн дарамтаас хөнгөвчлөх 300 мянган төгрөгийн дэмжлэгийг иргэн бүрдээ олголоо. Гацсан төслүүд ч урагшиллаа. Тухайлбал, 2008 оноос хойш гацсан Таван-Толгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил сэргэсэн. Монгол Улс хүнснийхээ хэрэгцээг дотооддоо бүрэн хангахын зэрэгцээ органик хүнс экспорлогч орон болох зорилтын хүрээнд Засгийн газраас “Атрын IV аян”-ыг санаачилснаар одоо хэрэгжүүлж байна. Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах хоолойн хамт барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг сэргээсэн. Соёлын яамтай болсон. Ингэснээр 30 гаруй жил хийгээгүй томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж, Чингис хааны музей, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барьж, салбарын ажилтнуудын цалинг 32-52 хувиар нэмлээ.
2016-2021 онд улсын хэмжээнд 238 сургууль, 327 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл, 77 дотуур байр, 5 номын сан, 9 театрын барилга, 42 сургуулийн спорт заал, талбайн барилгыг ашиглалтад орууллаа. Гурван ээлжээр хичээллэж байсан бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд сугалаагаар азаа үздэг явдлыг бүрэн халлаа. Бүх аймгаа автозамаар холбосон” хэмээн онцоллоо.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл” заалт тусгасан. Үүнд эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол Улсын уул, ус, газар нутгийн нэрийг уугуул эхээр нь хадгалан хэрэглэж, олон улсын болон үндэсний баримт бичиг, газрын зурагт тусган баталгаажуулна. “Өв соёлоо-Эх орондоо” уриалга гаргаж, үндэсний өв, түүхийн сурвалж, археологийн олдвор, урлагийн бүтээлийн үндсэн эх, анхдагч хуулбарыг эх орондоо авч ирэх хөтөлбөр боловсруулна. Монгол туургатны өв соёлыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх монгол ёс, зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо Юнеско-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ зэрэг олон чухал заалтыг тусгажээ. Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл ийнхүү байр сууриа илэрхийллээ.
III багийн иргэн өндөр настан Насанжаргал:- МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг олж хардаг, түүнийг шийдэхийн төлөө зоримог шийдвэрүүдийг гаргадаг улстөрч хүн. Хулгайд алдагдсан байгалийн баялгаа төр мэдэлдээ авсныг бид бүгдээрээ мэднэ. Байгалийн баялгаасаа хишиг хүртсэн олон мянган ахмадуудын нэг нь би. Цар тахалтай хүнд хэцүү үед өрх айл, аж ахуйн нэгж бүрийн ус, дулаан, цахилгааны мөнгийг төр төлж байна. Энэ шийдвэрийг нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргасан. Ахмад буурлуудынхаа хийсэн бүтээснийг үнэлж, ач санаж, анхаарал тавьж байдагт нь бид баяртай байдаг юм. 2019 онд бүх аймаг, дүүргийн Ахмадын хорооны дарга нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан уулзалт бидэнд маш том урам зоригийг өгсөн. Ахмадууд бидэнд хөдөлгөөний эрүүл мэнд гэж нэг чухал асуудал байна. Хөдөлгөөний эрүүл мэндийг сайжруулах зорилгоор Говьсүмбэр аймгийн ахмадын хороог сэргээн засалтын болон чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангасан. Үүнийгээ манай аймгийн ахмадууд бүрэн дүүрэн ашиглаж байгаа. Энэ бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэсэн асуудал. Энэ мэт олон зүйлийг би хэлэхээр байна. Тиймээс Боржигончуудын өлгий хойморь болсон Говьсүмбэрийн нийт иргэдээсээ нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихийг уриалж байна.
Сүмбэр сумын I багийн иргэн Идэрзориг:- Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшиж байгаад баяртай байна. Туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт байдал, хөгжил цэцэглэлт, ард игэдийнхээ сайн сайхны төлөө тууштай тэмцэх сэтгэлтэй хүн гэж боддог. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улс эх орон, залуучуудынхаа төлөө хийсэн, бүтээсэн, эхлүүлсэн олон ажил бий. Таныг залуучуудыг өндөр мэдлэг боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажилч хичээнгүй иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө ажилласан гэж боддог. Монгол Улсад анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсанд бид талархалтай байгаа.
Ерөнхий боловсролын II сургуулийн 12 дугаар ангийн сурагч Соёлмаа:- Би багаасаа “Хөдөлмөр хүнийг бүтээдэг” гэсэн аав ээж, ачит багш нарынхаа захиас үгийг сонсож өссөн. Энэ жил би арванхоёрдугаар ангиа онц дүнтэй төгсөж, цаашдын сурлага хөдөлмөрийн гараагаа эхлүүлэх гэж байна. Би ирээдүйд аймаг орон нутгийнхаа хүүхэд залуусын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах эрдэмтэн багш болно гэж мөрөөддөг. Монгол хэл, уран зохиолын багш болоод эх хэл түүх соёлоо түгээн дэлгэрүүлэхэд өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлах болно. Энэ жил би анхны сонгуулиа өгнө. Залуус бидэнд нэр дэвшигч У.Хүрэлсүх таны шударга ёсыг тогтоож, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хөгжил дэвшлийг хамгийн ихээр чухалчилж байгаа нь итгэл найдварыг төрүүлж байгаа. Та Ерөнхийлөгч болбол эв нэгдлийг нэн тэргүүнд тавьдаг, ард иргэдээ хайрладаг, одоогийнх шигээ хүүхэд залуусаа дэмждэг байгаасай гэж хүсэж байна.