Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан

636
Голомт банкны Иргэд, жижиг дунд банкны газрын захирал Ц.Байгалмаатай Голомт банкны жендэрийн тэгш байдлыг хангах бодлого болон улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ярилцлаа.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн нийгмийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, чадамж улам нэмэгдэж байна. Энэ ч утгаараа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзлэн баялаг бүтээж, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн түлхэх хүч болон нийгэмд эзлэх байр суурь нь улам бэхжиж байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийг санхүүжилтаар дэмжих замаар хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх болон тухайн ажиллаж буй салбарын хөгжлийг түргэсгэхэд онцгой хувь нэмэр оруулдаг гэж үздэг.
Голомт банк өөрсдийн нөөц бололцоо, давуу тал дээр түшиглэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хэрэгцээг ханган, бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлэхэд урт хугацааны турш тогтвортой хамтран ажиллаж, үндэсний хэмжээний томоохон бизнес эрхлэгч болоход нь туслах замаар Монгол Улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэж харж байна. Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжин ажиллаж буй нь Голомт банкны жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой нийцэж байгаа юм.
Банкны удирдлагуудын зүгээс эмэгтэй ажилчдынхаа хөдөлмөр, ур чадвар, туршлагыг эн тэнцүү үнэлэх боломжийг хэрхэн бүрдүүлж байна вэ? Жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой гэхээр энэ тал дээр нэлээд системтэй ажилладаг гэсэн үг үү?
Монголын банкны салбарт 15.7 мянган хүн ажилладаг, үүний 66 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг бол манай банкны хувьд 69 хувь нь эмэгтэйчүүд. Энэ ч утгаараа эмэгтэй ажилчдадаа чиглэсэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах шаардлага үүссэн.
Голомт банк 2018 оноос эхлэн “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого”-г хэрэгжүүлэн ажлын байранд үүсэх харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэн, ажилтан бүр банкны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, байгууллагын үр ашиг болон хөгжлийн бодлогод тэнцүү ашиг хүртэх боломжийг нээлттэй болгон ажиллаж байна.
Ингэснээр мэдээллийн хүртээмж, ялгаварлан гадуурхалт, хариуцлагын тогтолцоо зэрэг нь тэгш эрхийн хүрээнд бүрэн хэрэгжиж, байгууллагын соёлыг эерэг тэгш хандлагатайгаар төлөвшүүлж, ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэж эхэлсэн.
Эмэгтэй ажилтнуудын карьер хөгжил, албан тушаал дэвших зэрэг боломж нь Голомт банканд бүрэн нээлттэй ба банкны зүгээс ч энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг. Тухайлбал, манай банкны удирдах албан тушаалын ажилтнуудын 69 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, түүнчлэн сүүлийн хоёр жилд эмэгтэй ажилтнуудын албан тушаал, карьер  4-5 хувиар өсчээ.
Харилцагчдын хувьд жендэрийн ямар бодлого баримтлан ажилладаг вэ? Хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа юу?
Банкны ТУЗ болон Удирдлагын багийн хувьд жендэрийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна эмэгтэй харилцагчдын хувьд жендэр, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг илүү анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, эмэгтэйчүүдэд хийж чадах зүйлсээ бизнес болгон ашиг орлого олох, санхүүгийн дэмжлэг туслалцаа хүргэх, жендэрийн тэгш байдлыг ханган эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх зорилго бүхий “Gender equality committee” буюу “Жендерийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгууллаа.
Энэ хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн олон ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, төлбөр тооцооны үйлчилгээ болон бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх, цар тахлын үед санхүүгийн хүндрэлээс даван гарахад нь туслах зорилготой тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ бүхий сургалт хөгжлийн академи бий болгож эмэгтэй харилцагчдаа хамруулах, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон улсын болон төрийн, ТББ-уудтай хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаар нийтэд таниулан сурталчлах, олон нийтэд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн.
“Голомт” банкны харилцагчид дунд эмэгтэй­чүүд ялангуяа, бизнес эрхлэгч эмэгтэй­чүүд хэр зэрэг орон зай эзэлдэг вэ?
Манай банкны нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний банкны төлбөр тооцоо болон зээлийн үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр жилээс жилд өсөн, санхүүгийн боловсролын түвшин нь ч нэмэгдэж байгаа.
Мөн нийт зээлтэй харилцагчдын 50-иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн хувьд улам чадавхжуулж, үйлдвэрлэл үйлчилгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангаж байна. Сүүлийн гурван жилд эмэгтэй зээлдэгчийн тоо 26 хувиар өссөн.
Эмэгтэй бизнес эрхлэгч бусад зээлдэгчээс ямар онцлогтой вэ? Зээлжих чадвар нь ямар түвшинд байдаг вэ?
Эмэгтэй бизнес эрхлэгчид байгалиасаа нямбай, хариуцлагатай, ачаалал даах, өөрчлөлтөд богино хугацаанд дасан зохицох чадвартай, эрсдэлээс зайслхийх биш түүнтэй тулж даван гарах хүсэл зоригтой, барагтайд бууж өгдөггүй тэвчээртэй, санхүүгийн сахилга бат сайтай байдаг. Ийм ур чадвартай учраас эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн цар хүрээ улам тэлж, эмэгтэйчүүдэд олгосон зээлийн багцын чанар маш сайн буюу чанаргүй зээл эрэгтэй зээлдэгчидтэй харьцуулахад 2.5 дахин бага байдаг.
Манай банк 2020 оноос харилцагчийн зан төлөвт суурилсан зээлийн скоринг, судалгаа хийж харилцагчдын зээлжих чадварыг тодорхойлж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд тогтвортой тууштай, сахилга бат сайтай, асуудалд хариуцлагатай ханддаг, зан чанарууд нь зээлжих чадварыг нь нэмэгдүүлэх давуу тал бий болгодог.
Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тусгайлсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
2021 онд эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ илүү ойртон, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй, бизнесээ эхлэх болон өргөжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.
Олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчийг “Хувьцаа эзэмшлийн 51-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байх, гүйцэтгэх захирал нь эмэгтэй байх, ТУЗ-ийн гишүүдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байх” гэж томьёолдог. Үүгээр банк эмэгтэй бизнес эрхлэгчийг тодорхойлж, зээлийн бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ бусад банкны үйлчилгээг ч онцлогт нь тохируулан хүргэнэ.
Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь бусад арилжааны зээлтэй харьцуулахад хөнгөлөлттэй буюу харьцангуй бага хүүтэй, тавигдах шаардлага болон бүрдүүлэх материал бага, процессын хувьд хялбаршуулсан, эмэгтэйчүүдийн зан төлөвт суурилсан хурдан шийдвэрлэх боломжтой байх юм. Мөн тав хүртэлх жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлөгдөх нөхцөлтэй тул бизнесээ тогтворжуулах, хүчин чадлаа нэмэх, өргөжүүлэх боломжийг олгох давуу талтай.
Эмэгтэй харилцагчдын зүгээс зээлийн бүтээгдэхүүний эрэлт хэр зэрэг өндөр байна вэ? Нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чаддаг уу? Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын цогц хөтөлбөрт эмэгтэй бизнес эрхлэгчид оролцох боломж хэр байна вэ?
2016 онтой харьцуулахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн тоо, хэмжээ 2020 онд даруй гурав дахин өссөн байгаа нь эрэлт өндөр байгааг, мөн тэдний бизнес амжилттай явааг, үүнийг дагаад бизнесийн тэлэлт өрнөж буйг илтгэж байна.
Эмэгтэйчүүдийн дунд бизнес эрхлэх нь шинэ чиг хандлага болж байна гэж дүгнэж болно. Түүнийгээ дагаад санхүүжилтийн хэрэгцээ ч нэмэгдсэн. Иймд банкууд энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгож буй “Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр”-т эмэгтэй бизнес эрхлэгчид үйл ажиллагаа нь хэвийн явж буй бол эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор уг зээлд хамрагдах бүрэн боломжтой.
Зээлийн бүтээгдэхүүнээс гадна тэднийг дэмжихэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Бид өөрсдийн нөөц бололцоо, санхүүгийн мэргэшсэн баг хамт олноос гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг мэргэжлийн холбоод, зөвлөлүүдтэй хамтран тулгарч буй санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг улам өргөжүүлэхэд хамтран ажилладаг. Тухайлбал, Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Төв”, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын “BEST” зэрэг төслүүдтэй хамтран бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.
Мөн хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб”-тэй урт хугацаанд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдний нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулан сурталчлах, мэдлэг, мэдээллээр ханган сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдэд эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг ажлыг хийх болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.