Албан шаардлага

508
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат та төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллага, олон нийтийн итгэлийг хүлээдэг хуульч мэргэжлийн нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гадны зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байна” гэсэн гарчигтайгаар хууль тогтоомж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, үндэслэлгүй мэдээллийг нийтэд тараалаа.
Ц.Насанбат та Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд нэн чухал байр суурийг эзэлдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг гажуудуулсан үйл ажиллагаа явуулж байгаа тань шүүхэд нэхэмжлэлийг бусдын өмнөөс хууль зөрчиж дураараа гаргасан, мөн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгүүдэд “маш нууц” гэсэн тэмдэг даран шүүх ажиллагааг хаалттай, нууц байдалд оруулж, үүнийгээ ашиглан нийгэмд үл ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосноор эхэлсэн.
Бид эл шударга ёсонд үл нийцэх, хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд хүсэлт, гомдол гаргасны үр дүнд мэргэжлийн шинжээч ажиллаж, Таны шүүхэд гарган өгсөн нэхэмжлэл, баримт бичгүүдийг төрийн “маш нууц” зэрэглэлийн баримт бичиг биш болохыг тогтоосон байдаг.
Гэтэл та ярилцлагадаа өөрийн хууль бус үйл ажиллагаагаа далдалж тухайн баримт бичгүүдийг хөндлөнгийн хэн нэгэн шүүхэд гаргаж өгсөн юм шиг, түүнийг нь мэргэжлийн шинжээч төрийн нууц эсэхийг нь тогтоож, нээлттэй болгосон мэтээр нийтэд учирлаж,төрийн нууц биш гэсэн дүгнэлт гарсан учраас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна гэсэн байна. Ингэхдээ мөн л хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, аль ч улсын шүүхээс гэм буруутай асуудлыг тогтоогоогүй, бүр энэ талаар хэлэлцээчүгүй байхад хууль зөрчсөн гэм буруутай мэтээр зориудаар гүтгэсэн байна.
Мөн Ц.Насанбат та ярилцлагадаа “гадаад зөвлөхүүдийн цуглуулсан баримт, дүгнэлт” гэж онцлон дурьджээ. Энэ нь ердөө л шар хэвлэлийн голдуу мэдээг зохиомжлон холбосон зүйлс төдийхөн байдаг. Ер нь тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс өөрийн улсын иргэнээ гадаад улсын хувийн мөрдөх байгууллагаар мөнгө төлж мөрдөн мөшгүүлж байгаа нь төрт ёсонд халтай, маш ноцтой үйлдэл юм.
Та гадаадад явагдаж байгаа шүүхийн ажиллагааг Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенцийн хүрээнд хийж буй хөрөнгө хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа гэсэн байна. Авлигын эсрэг конвенцийн дагуу хөрөнгө хамгаалахад чиглэсэн ажиллагаа нь авлигын гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийг хураахад чиглэгддэг бөгөөд үүнээс өмнө авлигын гэмт хэрэгт холбоотой гэм буруутай болохыг шүүхээр тогтоосны дараа авч хэрэгжүүлдэг арга хэмжээ гэдгийг маш сайн мэдэж байх ёстой албан тушаалтан бол та мөн.
Гэтэл та авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг аль ч улсын шүүхэд байхгүй гэдгийг ярилцлагынхаа эхэнд хэлсэн атлаа Авлигын эсрэг олон улсын конвенцийн хүрээнд гадаадын шүүхэд хөрөнгө хамгаалахад чиглэсэн ажиллагаа явуулж байгаа гэх худал мэдээллийг олон нийтэд өгч байгааг тань прокурорын нэр хүндийг хууль бусаар ашигласан үйлдэл гэж үзэж байна. Мөн та иргэний эрх зүйн маргааныг гэмт хэргийн гэм буруугийн асуудалтай хольж хутган илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа үйлдэл болохын зэрэгцээ, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, бүх зүйл нотлогдож шийдвэрлэгдсэн мэтээр Прокурорын байгууллагыг төлөөлөн ярьж байгаа нь мэргэжлийн алдаа болно.    
Эдгээрээс үзэхэд С.Батболдод холбогдуулан явуулж байгаа шүүхийн дээрх ажиллагаанууд нь гүтгэлгийн шинжтэй, хууль зүйн хувьд зөвтгөх үндэслэлгүй, зохион байгуулалттай, улс төржсөн болох нь тодорхой байна. Ц.Насанбат та ярилцлагадаа улс төрийн зорилго байхгүй гэж удаа дараа хэлсэн нь улс төрийн зорилгоо нуух гэсэн ядсан арга, цуцсан үг болох нь илэрхий байна.  
Эцэст нь хэлэхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат та төрийн прокурорын албан тушаалаар түрий барьж байгаагаас үл хамааран Монгол Улсын үндэсний хууль тогтоомж нийтэд тэгш үйлчлэх тул шүүхээр тогтоогдоогүй, зохиомол асуудлаар ярилцлага гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна.
Хэрэв та  нийтэд худал мэдээлэл тарааснаа залруулахгүй бол прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр холбогдох журмын дагуу шалгуулах болно.  
С.БАТБОЛДЫН ӨМГӨӨЛӨГЧ Х.ЖАРГАЛСАЙХАН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.