Түгжрэлийг бууруулах төслүүд түгжигдсэн үү

867

Хотын төвийн бүсэд замын хөдөлгөөн 0-15 км/цагийн хурдтай үргэлжилж байна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор богино, дунд хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд 530 гаруй мянган бүртгэлтэй автомашин байдаг. Үүнээс 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна.
Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулахын тулд зарим уулзварууд дээр зохицуулалт хийсэн. Жишээ нь, Гадаад харилцааны яамнаас Олимпын гүүр рүү зүүн эргэхийг хориглосон. Гэхдээ энэ бол түгжрэлийг бууруулах урт хугацааны бодлого биш. Харин импортын автомашинд хязгаар тавих бодлого хэрэгтэйг албаныхан хэлж байна. Тэр үүднээсээ буруу талдаа хүрдтэй автомашиныг импортлохгүй байх саналыг гаргаж байна. Энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн цаашлаад Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг хянах ухаалаг камер суурилуулна
Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг  “Нийслэлийн хэмжээнд 1100 км авто зам байгаа. Энэ авто зам бидний тооцоолсноор 320 мянган авто машинтай байх юм бол бид түгжрэлгүйгээр 30-35 км/цагийн хурдтайгаар хот дотор зорчих боломжтой. Бидэнд одоо 200 гаруй мянган авто машин илүүдэлтэй байгаа. Тиймээс улсын хэмжээнд бодлогоор импортын авто машинд шалгуур тавих, хязгаар тогтоох зайлшгүй шаардлага байгаа. Өдөрт нийслэлийн хэмжээнд 200-250 орчим авто машин, сард 6000-7000 авто машин нэмэгдэж байна. Тиймээс зайлшгүй насжилт болон жолооны хүрдээр нь хязгаарлах зэргээр улсын бодлогоор авч үзэхгүй бол түгжрэл урт хугацаандаа асуудалтай болоод байна.
Мэдээлэл технологи талаасаа нийслэлийн зам дээр байгаа камеруудыг шинэ технологиор ухаалагжуулан дөрвөн байршилд байгаа шар хайрцаг бүхий тэмдэглэгээг нэвтэрч зогсох, эгнээ байр буруу эзлэх зэрэгт торгох арга хэмжээ авч байгаа. Бага, болон их тойруу дотор торгууль ихтэй, оношилгоо хийгдээгүй, даатгуулаагүй авто машиныг дугаараар нь таньж нийслэлийн төв цэг рүү орохыг хязгаарлах зохицуулалтыг энэхүү технологид суурилан хэрэгжүүлнэ” гэв.                 
Түгжрэлийг бууруулахын тулд зам, дохионы зохицуулалт хийхээс гадна технологийн асуудалд анхаарах ёстой болж байна. Энэ хүрээнд ухаалаг камерыг нэвтрүүлэх бөгөөд шар тэмдэглэгээ рүү орсон, уулзварууд дээр зохицуулагчгүй байна гээд дүрэм зөрчих зэргийг хязгаарлах боломжтой гэж тооцжээ.
Уг нь дэлхийн жишгээр бол 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал яригддаг байна. Гэтэл нийслэлийн хэмжээнд энэ тоо хэдийн 327-д хүрчээ.
Хөл хорионоос шалтгаалан дүүжин тээвэр төслийн бүтээн байгуулалтын ажил хойшилжээ
Өнгөрсөн долоо хоногоос түгжрэл огцом нэмэгдэж, хотын төвийн бүсэд замын хөдөлгөөн 0-15 км/цагийн хурдтай үргэлжилж байна. Авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээвэрт шинэчлэл хийхээр нийслэлийн удирдлагууд хэд хэдэн төслүүдийг олон нийтэд танилцуулсан. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажил нь товлосон цагтаа эхлэхгүй байсаар энэ намартай золгож байна.
Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх хүрээнд цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг төслийг хэрэгжүүлэх талаар анх  мэдээлэхэд  олон нийт “Энэ бол биелэгдэшгүй мөрөөдөл” гэж хүлээн авч байв. Агаарын дүүжин тээврийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлж, зургаадугаар сард эхний маршрутыг бэлэн болгоно гэж холбогдох албаныхан амлаж байсан нь саяхан. Тэгвэл энэ ажил ямар шатандаа гацаад байгаа талаар тодрууллаа.
Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Cable car төсөл зогсоогүй байгаа. Энэ жил дэлхий нийтээр коронавирусийн цар тахал дэгдсэн учраас ажил хойшилж, хүндрэл бэрхшээлүүд гарсан ч бид дотоод нөөц бололцоогоо дайчлан аль болох төсөл хөтөлбөрүүдийг явуулж байгаа. “Cable car” төсөл дээр гүний газрын хөрсний судалгаа хийгдэж байгаа. Цаашдаа хил нээгдэн инженер техникийн ажилчид нь орж ирэхэд ажил эхлэхэд бэлэн болж байгаа” гэв.
Засгийн газрын гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан түгжрэлийг бууруулах бас нэг төслийг танилцуулсан нь “Тэнгэрийн тойрог” нэртэй. Авто замын дээгүүр гүүрэн буюу давхар зам барих энэ төслийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ гэж тооцоолсон ч одоог хүртэл бүтээн байгуулалтын ажил нь мөн л эхлээгүй байгаа юм.
Монгол Улсын зөвлөх инженер, “Тэнгэрийн тойрог” төслийн удирдагч Б.Атарбаяр “Энэ төслийн хөрөнгө оруулалтын тал дээр ХБНГУ-ын иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа. Хоёр жилийн өмнө ХБНГУ-аас төлөөлөгчид ирж Засгийн газрын нэг удаагийн хуралд бид оролцон зохих түвшинд ойлголцоод явсан. Бид сүүлийн байдлаар өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Эцсийн гэрээний шатандаа хараахан очоогүй байна” гэв.  
Нийслэлийн хэмжээнд автомашины дундаж хурд 30 км/цаг байхаар тооцвол 318 мянга гаруй тээврийн хэрэгсэл байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл энэ тоо манайд даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө 2.5 дахин ачаалалтай байгаа бөгөөд авто замын сүлжээгээ өргөтгөхгүй бол 2030 он гэхэд энэ ачаалал 3-4 дахин нэмэгдэх судалгааны дүн мөн гарчээ. Ийнхүү түгжрэлийн улмаас автомашин 0 зогсолт хийхэд ойртсон энэ цагт түгжрэлийг 50-70 хувь бууруулна гэж тодотгоод байгаа төсөл хөтөлбөрүүд хэзээ эхлэж, хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.
Түгжрэл бууруулах саналуудыг Ерөнхий  сайдад танилцуулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн удирдлагуудад замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ. Энэ хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас төр захиргааны байгууллага 09.00 цагаас ажил эхлэх, орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох, зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалт тогтоосон бол цаашид дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна. Тодруулбал:
-Сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 266 сургуулиас 71 нь л автобустай байна. Энэ нь 160 мянган хүүхдийн 4000 нь л сургуулийн автобусаар зорчдог гэсэн үг юм.
-Нийслэлийг гурван бүсэд хувааж авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх. Тэрхүү бүсийн хязгаарлалтаас хамаарч, зогсоолд машинаа тавих хугацаа, мөнгөн дүн өөр байх юм.
-Нийтийн тээврийг боловсронгуй болгох. Нийтийн тээврийн тоог нэмэхээс гадна, дүүжин тээврийг нэвтрүүлэх, ажилчид, сургуулийн автобус явуулах шаардлагатай аж.
-CAR SHARE нэвтрүүлэх. Жишээлбэл, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлаар түгжрэлд стресстэхгүй зорчих уриалга гаргах.
-Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явах
-Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах
-Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох
-Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг нийслэлийн төвийн хэсгээр цагийн хязгаарлалттай явуулах боломжийг судалж байгаа юм байна.  
Энэхүү түгжрэлийг бууруулах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай шийдвэрлүүлэх, шаардлагатай зүйлсийг сонгож, хуулийн хүрээнд түгжрэл буруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.
Дугаарын хязгаарлалт түгжрэл бууруулахад нөлөөлдөг үү?
Түгжрэлийг бууруулах төслүүд түгжигдсэн үү
Түгжрэлтэй холбоотой тоо баримт сонирхуулахад,  нийслэл хотод бүртгэлтэй буюу хөдөө орон нутгийн дугаартай нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог 567,826 тээврийн хэрэгсэл бий. Эдгээр тээврийн хэрэгслээс дугаарын хязгаарлалтаар 20 хувь буюу 113 мянга 565 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзэхэд өдөрт 454 мянга 261 тээврийн хэрэгсэл өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байна.
Хэрвээ бид дугаарын хязгаарлалтгүйгээр бүгд замын хөдөлгөөнд оролцвол зам дээрээ 00 зогсолт хийнэ. Харин дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлснээр бид зам дээр 10-15 км/цагийн дундаж хурдтайгаар оролцож байна. Иргэн та дугаарын хязгаарлалттай 1 өдөр автомашинаа хэрэглэхгүй байснаар бусад өдрүүддээ боломжийн хурдаар замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдэнэ гэдгийг бодох хэрэгтэй. Дугаарын хязгаарлалттай бүсчлэлийн гадна тээврийн хэрэгслээ үлдээж цааш нийтийн тээвэр, такси, эсвэл бүр “Car share” буюу хөршүүд, ажлынхаа хүмүүст дайгдах боломжтой.
Харин та дугаарын хязгаарлалттай өдрөөр явах дахиад нэг тээврийн хэрэгсэл худалдаж авах юм бол бид тун удахгүй авто зам дээрээ л мөнхрөх болно.
Тиймээс та өөрөө боломжийн хурдтайгаар, өөрсдийн ажлаа амжуулахын тулд дугаарын хязгаарлалттай өдөр тээврийн хэрэгслээ унахгүй байхыг танд зөвлөе. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.