Европын Төв банк 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөжээ
БРЮССЕЛЬ, 2026 оны зургаадугаар сарын 12 /Kazinform/. Өчигдөр болсон Европын Төв банкны /ЕТБ/ Удирдах зөвлөлийн хуралдаанаар инфляцын эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор еврогийн бүсийн үндсэн бодлогын гурван хүүг 2023 оны есдүгээр сараас хойш анх удаа өсгөх шийдвэр гаргалаа. Мөн еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамгийг бууруулж, ирэх жилүүдэд үнийн дарамт үргэлжлэх магадлалтайг үгүйсгэсэнгүй.
Европын Төв банкны Удирдах зөвлөл бодлогын үндсэн бүх хүүг 25 суурь нэгжээр (0.25 хувийн нэгжээр) нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр зургаадугаар сарын 17-ноос эхлэн хадгаламжийн хүү 2.25 хувь, дахин санхүүжилтийн үндсэн операцийн хүү 2.40 хувь, маржинал зээлийн хүү 2.65 хувь болж байна.
Тус банк инфляцыг дунд хугацаанд 2 хувийн түвшинд буцаан хүргэх зорилт тавиад байгаа юм. "Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсан нь юуны түрүүнд эрчим хүчний салбараар дамжин үнийн дарамтыг нэмэгдүүлж байгаа тул мөнгөний бодлогыг илүү чангаруулах шаардлага тулгарлаа" гэж тус банкны мэдэгдэлд дурдсан байна. Европын Төв банкны шинэчилсэн таамаглалаар еврогийн бүсийн дундаж инфляц 2026 онд 3.0 хувь, 2027 онд 2.3 хувь, 2028 онд 2.0 хувь байх төлөвтэй байна. Эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцохгүйгээр гаргасан суурь инфляцын үзүүлэлт 2026, 2027 онуудад 2.5 хувьд хүрч, 2028 онд 2.2 хувь болж буурна гэж шинжээчид тооцоолжээ.
Үүний зэрэгцээ еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллийг бууруулж, еврогийн бүсийн эдийн засаг 2026 онд 0.8 хувь, 2027 онд 1.2 хувь, харин 2028 онд 1.5 хувиар тус тус өснө таамаглаж байна.
Эдийн засгийн өсөлтийн хурдац саарч байгаагийн шалтгаан нь геополитикийн хурцадмал байдал түүхий эдийн зах зээл, хүн амын бодит орлого болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаатай холбоотой гэж тус банкны шинжээчид үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

