"Төрийн өмчит байгууллагуудын хувьчлалыг ажилтанд ээлтэй байдлаар хийх ёстой"

5

"Төрийн өмчит байгууллагуудын хувьчлалыг ажилтанд ээлтэй байдлаар хийх ёстой"

 

Засгийн газраас төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг хувьчлах, заримыг нь олон нийтэд нээлттэй компани болгох бодлогын шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2025.12.22/ мэдээлэл хийв.


МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир:

-Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашигт ажиллагааг сайжруулах, засаглалыг нээлттэй болгох, байгууллагуудын ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогыг Монголын үйлдвэрчний эвлэл дэмжиж байна. Гэхдээ 16 байгууллагыг нээлттэй хувьцаат компани болгох, мөн найман компанийг зарж хувьчлах асуудал яригдаж байгаа. Энэ нь тухайн байгууллагын засаглал, менежментэд өөрчлөлт оруулах бөгөөд үүнтэй холбоотойгоор ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгаанд нөлөөлөх эрсдэл үүснэ. Засгийн газрын түвшинд бодлого, шинэчлэл хийх гэж байгаа бол түүнийгээ эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талуудтай өргөн хүрээнд хэлэлцэх ёстой. Одоогоор нийт 26 аж ахуйн нэгжийн засаглалыг өөрчлөх асуудал хэлэлцэгдэж байгаа бөгөөд үүнд 30 мянга орчим ажилтан, албан хаагчдын ажлын байр, цалин, нийгмийн хамгааллын асуудал хамаарна. Энэ өөрчлөлт хэрхэн, яаж хэрэгжих нь тодорхойгүй байна. Засаглалд өөрчлөлт орсноор сахилга хариуцлага дээшилнэ гэсэн хүлээлт байж болох ч өмч хувьчлалын үйл явц өмнө нь хангалтгүй хэрэгжиж байсныг бид мэднэ. Иймд төрийн өмчийг үнэгүйдүүлэхгүй байх, хувьчлалыг ил тод, нээлттэй явуулах, хамгийн гол нь ажилчдын нийгмийн баталгааг дордуулахгүй байх тал дээр Засгийн газар ямар бодлого баримталж байгааг тодорхой болгох шаардлагатай. Мөн хувьчлагдсан компаниуд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсноор олноор нь ажлаас чөлөөлөх эрсдэл үүсэх эсэхэд бид хариулт хүсч байна. МҮЭХ-ны баримталж буй үндсэн байр суурь бол төрийн өмчит газруудыг нээлттэй болгох нь зүйтэй. Гэхдээ энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ ажилтанд ээлтэй байдлаар, тухайн байгууллагын хувьцааг худалдан авах давуу эрхийг ажилтнуудад олгох ёстой. МҮЭХ болон Засгийн газрын хооронд байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн гурван талт” хэлэлцээрт төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлахдаа ажилтнуудад давуу байдлаар хувьцаа эзэмших боломж олгоно гэж заасан байдаг. Энэ нь олон улсын туршлагад нийцсэн, эерэг үр дүнтэй хөтөлбөр юм. Иймд уг заалтыг бодитой хэрэгжүүлэхийг бид Засгийн газраас шаардаж байна. Ажилтнууд хувьцаа эзэмшсэнээр байгууллага болон ажилтнуудын эрх ашиг нийцэж, бүтээмж дээшилнэ. Үүний үр дүнд цалин хөлс, орлого нэмэгдэж, байгууллагын засаглалд ажилтнуудын хяналт бий болж, ил тод, нээлттэй засаглалын хэлбэр бүрдэнэ” гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.