Хавдрын эмнэлэгтэй ашгаа хуваалцдаг “Мед портал” АТГ-ын хараанд өртдөггүй

159

Хавдрын эмнэлэгтэй ашгаа хуваалцдаг “Мед портал” АТГ-ын хараанд өртдөггүй

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Хавдар судлалын үндэсний төвийн зүүн жигүүрийг эзэгнэж, төрийн санхүүжилтээ тус эмнэлгийн дансаар гүйлгэдэг  хувийн эмнэлгийн мөрийн мөшгөсөн эрэн сурвалжилгаа үргэлжлүүлсээр байна. Өмнөх дугааруудад “Мед портал” эмнэлэг төрийн эмнэлэгт байрлахдаа олон түмнийг хэрхэн төөрөгдүүлдэг,  төлбөрөө дансаар нь авдаг, тендер шалгаруулалт хэрхэн явагдаж байгаа, тус эмнэлгийн “эзэд”-ийн асуудлыг хөндөж гаргаж ирсэн бол ээлжит дөрөв дэх сурвалжилгаа хүргэж байна. Энэ удаад бид “Мед портал” эмнэлэг төр үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа орон зайд MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийсэн төлбөрөө ХСҮТ-ийн дансаар авч байгаад ЭМДЕГ ямар хяналт тавьдаг, яагаад томографийн үйлчилгээг даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилдэггүй. Мөн АТГ  “Мед портал” эмнэлгийг шалгаж зөвлөмж хүргүүлэхдээ олсон орлогынхоо 10-30 хувийг урамшуулал байдлаар төрийн байгууллагад өгч байгаа нь ашиг сонирхлын зөрчилд хамаарах эсэхийг холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

 

ЭМДЕГ: ХСҮТ, МЕД ПОРТАЛ ЭМНЭЛЭГТЭЙ MRI, CT ОНОШЛОГОО ДАМЖИН ХИЙХ ГЭРЭЭТЭЙ БОЛ ДААТГАЛЫН МӨНГИЙГ ДАМЖУУЛЖ АВЧ БОЛНО

ХСҮТ бол гурван сая хүнтэй Монгол Улсын хамгийн тулгамдсан хавдрын өвчлөлөөр төрөлжсөн ганцхан эмнэлэг. Үйлчлүүлэгчээ багтааж ядсан атлаа “Мед портал” эмнэлэгт зай  талбайгаа түрээслүүлээд таван жил гаруй болж байна.

“Мед портал” эмнэлэг төр үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа орон зайд MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг гэдгээрээ халхавчилж ХСҮТ-д орж ирсэн. Өөрөөр хэлбэл, MRI буюу соронзон үелзүүрт томографийн шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй учраас "Мед портал"-д хөнгөлөлттэй үзүүлдэг. Харин ХСҮТ, “Мед портал” хоёулаа компьютер томографийн оношлогоо шинжилгээ хийдэг. Гэтэл  төрийн эмнэлэг дотор хоёр өөр буюу тэнгэр газар шиг үнээр иргэдэд үйлчилж байна. Ерөнхийд нь тоймлож харвал ХСҮТ, СХД-ийн эрүүл мэндийн төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг томографийн шинжилгээг тодосгогчтой, тодосгогчгүйгээс хамааран даатгалаар 80-150 мянган төгрөгийн хооронд хийж байхад төрийн эмнэлэг дотор үйлчилгээ үзүүлж буй “Мед портал”-ийнх даатгал үйлчлэхгүй хэмээн 100-900 мянган төгрөгийн ханштай байв. Эндээс төрийн эмнэлэг доторх хувийн бизнесийн дабль стандарт харагдана. Гэтэл нэг иргэн хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн албан ёсны судалгаа бий. Тиймээс өвчинтэй тэмцэж яваа иргэдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт ус агаар мэт хэрэгтэй байгаа. Гэвч дээр дурдсанчлан “Мед портал” гэх хувийн эмнэлэг төртэй ижил үйлчилгээ үзүүлэхдээ хэд дахин өндөр үнээр даатгалын хөнгөлөлт үзүүлдэггүй. Энэ ялгааг хавдрын эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд мэддэггүй. Учир нь “Мед портал” буюу энд хувийн эмнэлэг ажиллаж байна гэдгийг харуулсан тодорхой хаяг байхгүй. Харин мэдээллийн самбарын тэрүүхэн буланд “Мед портал” гэсэн жижигхэн лого байршуулсан нь нүдэнд тэр бүр тусахааргүй. Мөн томографийн үйлчилгээ даатгалд хамаарахгүй гэдгийг тодотгосон, анхааруулсан нэг ч бичиг алга. Тиймээс иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа юу, улсынхаар уу гэдгээ ялгаж ойлгохгүй байгааг иргэдийн байр сууриар өмнөх сурвалжилгаараа хүргэсэн.  Тэгвэл яагаад даатгалаар үйлчилдэггүй талаар “Мед портал” эмнэлгийн гүйцэтгэх захирал н. Ариунтунгалаг манай сонинд “Бид даатгалд хамрагдах хүсэлтээ ЭМДЕГ-т удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Хавдар судлалын үндэсний төв дотор үйл ажиллагаа явуулдаг учраас даатгалд хамруулах боломжгүй гэж ойлгосон” гэж тайлбарласан. Харин ЭМДЕГ лав сүүлийн хоёр жилийн хугацаанд “Мед портал” эмнэлгээс даатгалд хамрагдах хүсэлт ирээгүй гэж буй. Эндээс харвал төр, хувийн хэвшлийн байгууллага хоёрын хэн нь “худалч” вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Хоёр дахь ноцтой зүйл бол төр  бизнесийн байгууллагыг байр, үйлчлүүлэгчээр нь хангахаас гадна дансаа хүртэл ашиглуулж байгаа юм. Гэрээгээ дүгнэсний дараа мөнгө төгрөгөө эмчилгээ эрхэлсэн болон ерөнхий захирал нь зураад “Мед портал” руу шилжүүлдэг. Тодруулбал, төрөөс MRI, CT оношлогооны даатгалын санхүүжилтээ авахдаа ХСҮТ-ийн дансаар дамжуулж авдаг. Ер нь түрээс, ашгийн урамшууллын гээд ямар ч тайлан байхгүй. “Мед портал” эмнэлгийн зүрх судас, зүрхний эхо дээр манай эмч ажилладаг. Төхөөрөмж нь хувийн эмнэлгийнх учир үйлчилгээний 40 мянган төгрөгөө өөрсдөө авдаг. Хуваарилалтаа хэрхэн хийдгийг нь мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн эмнэлэг, хувийн бизнесийн байгууллага “халаас” нэгтэй болж санхүү нягтлангууд нь байнга нааш цааш "гүйдэлтэй" болсныг эх сурвалж бидэнд хэлсэн. Харин яагаад хувийн байгууллагын даатгалын мөнгийг төрийн данс руу шилжүүлж байгаа талаар ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг  “MRI, CT оношлогоо зэрэг үнэ цэнтэй тоног төхөөрөмж эмнэлэг бүрт байх албагүй. ХСҮТ, Мед портал эмнэлэгтэй дамжин гэрээтэй бол гүйцэтгэл нь манай руу орж ирээд мөнгө нь тухайн байгууллагын данс руу шилжинэ. Хавдар судлалын эмнэлэг манайхтай гэрээтэй. Мөнгө дансаар дамжсан бол хоёр байгууллагын хоорондын гэрээтэй холбоотой. MRI, CT оношлогоо  дамжин хийх гэрээтэй байж болно. Тийм зохицуулалт хууль журамд бий. Бусдаар бол хувийн эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгох комиссын асуудал. Манайх зөвшөөрөл олгодоггүй учир мэдэхгүй” гэсэн юм. Тэгэхээс төрийн дансыг хувийн эмнэлэг ашиглуулахыг “хууль”-иар зөвшөөрдөг болж таарах нь.

 

АТГ-ААС ХСҮТ-ИЙГ ШАЛГАСАН. ХАРИН “ХАМТ” БАЙГАА “МЕД ПОРТАЛ”-ЫГ ШАЛГААГҮЙ ГЭВ

“Мед портал” ХСҮТ-д түрээсийн төлбөрөөс гадна олсон ашгаасаа ХСҮТ-д урамшуулал маягаар мөнгө төлдөг. Ашгийнхаа 10-30 хувийг ХСҮТ, түрээсийн тодорхой хувийг Төрийн өмчийн хороо авдаг гэдгийг тус эмнэлгийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү бидэнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, ашгийнхаа тодорхой хувийг төрийн эмнэлэгт “хахууль” байдлаар өгдөг гэмээр. Мөн АТГ-аас ХСҮТ-д ажиллахдаа төлбөр, хандив авахыг хориглосон зөвлөмж хүргүүлжээ. Гэвч тухайн байгууллага орлогынхоо тодорхой хувийг төрд өгч буй нь хууль зөрчих үү. Ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдгийг АТГ-аас тодруулахад “Бид ХСҮТ-д зөвлөмж хүргүүлсэн. Харин авлигын эрсдэл байна уу гэдэг тал дээр “Мед портал” эмнэлгийг шалгаагүй. Хувийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилт төрийн байгууллагын дансаар дамжиж орох боломж байхгүй. Тогтолцооны хувьд ч боломжгүй. Үнэхээр тийм зүйл байгаа бол манай байгууллагад гомдол гаргаж болно.

“Мед портал” орлогоосоо төрийн эмнэлэгт өгөх нь зарим тохиолдолд байж болно. Хууль, журмаар зөвшөөрөгдсөн учраас түрээсийн орлогоос гадна урамшуулал  юм уу өөр ямар нэг хэлбэрээр өгөх боломжтой” гэлээ. Эндээс харвал АТГ ХСҮТ-д ажиллаж бүх данс тооцоог нь “нэгжсэн” мөртлөө авлигын нэг “үүр”-нд байгаа 3-4 байгууллагыг шалгаад ганцхан “Мед портал”-ыг үлдээсэн гэж ойлгож болохоор.

С.Чинзориг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараахан ХСҮТ-тэй танилцсанаар төрийн байгууллагыг “эзэгнэж” байгаа хувийн эмнэлгийг гаргах үүрэг өгсөн. Түүнээс хойш жил тойрч байна. Энэ хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хавдрын эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхээр хоёр ч удаа тендер зарласан ч “унаад” байгаа юм. Уг нь Австрийн Засгийн газрын 10 сая ам. долларын энэхүү тендер бүтчихвэл төрийн эмнэлэг MRI, CT аппарат авч өгөх, компьютер томографийн үйлчилгээгээ сайжруулах юм. Мөн энэ үед ХСҮТ-д “үүрлэж” буй хувийн эмнэлгийг гаргана гэдгийг салбарын сайд болон  ХСҮТ-ийн захирал хэлж буй.

Эрэн сурвалжлах баг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.