Нүүрсний хулгай: Сонсгол нь бензинд, тайлан нь Х.Баттулгад дарагдав

72

Нүүрсний хулгай: Сонсгол нь бензинд, тайлан нь Х.Баттулгад дарагдав

 

Муу зүйл заримдаа сайныг тодруулдаг. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн “буян”-аар Монгол Улс парламентын засаглалаар замнасны сайн талыг олж мэдсэн юм. Учир юу хэмээвэл, өнгөрсөн 2023 онд УИХ хяналтын эдгээр асуудлаар сонсголыг зохион байгуулсан. Эндээс олон нийт цаадах үнэнээс хэмжээ хязгаартай ч гэсэн тодорхой мэдээллийг олж авсан. Энэ нэг тал нь юм. Гэхдээ сонсголоор тухайн хулгай зэлгийн хамаг үнэн илчлэгдсэн үү гэвэл үгүй. Угаасаа тэгэх ч боломж багатай аж. Дээрээс нь УИХ-ын сонсголтой зэрэгцээд нийгмийг шууруулсан зарим таагүй үйл явдал өрнөх болов. Давхцал гэхэд эргэлзээтэй явдлууд гарч байгаа нь анхаарал татсаар байгаа юм.

 

Хөгжлийн банкны сонсгол бол гаднын ямар нэг “сарниулагч”-гүйгээр явагдаж дууссан. Харин нүүрсний сонсгол эргэлзээтэй. Нүүрсний сонсголыг хийх гэж их “юм” болсон л доо. Бүтэн жил гацсан нь нүүрстэй холбогдсон улстөрчидтэй шууд холбоотой. Сүүлдээ “...Нүүрсний сонсгол хийнэ, хийхгүй” гэсэн улс төрийн ийм зөрчлүүд “хөшиг”-нийхөө араас бүлтрэх шахсан. Арайхийж л хийсэн. Тодорхой цаг хугацааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар ч юм уу, Түр хорооны дарга Б.Энхбаяр энэ талаар “хуучлах” биз ээ. Ер нь бол далдуур ингэж дажин өрнөж, сүүлдээ сонсгол хийхээр болж эхэлсэн. Харин сонсголын сургаар бензиний хомсдол чимээлсэн. Ингэж баахан дажинтай сонсгол эхлэнгүүт улс даяар бензин шатахуун тасарсан. Нийтийн анхаарал нүүрсний хулгай дээр биш бензин дээр байсаар сонсгол дууссан. Өөрөөр хэлбэл, сонсголын үеэр иргэдийг ШТС дээр уячихсан л даа. Тэгснээ, сонсгол дуусангуут бензиний хомсдол арилсан. Энэ бодит факт. ШӨХТГ-аас эхлээд төрийн зүгээс иймэрхүү агуулгыг олон нийтэд хэлсэн.

Сонсголын тайлан гэж нэг том асуудал бий. Сонсголын дүгнэлт гэсэн үг. Эндээс “...Монголын төр нүүрсний сонсголын үр дүнг хэрхэн үзэж байна вэ” гэдэг тодрох байсан юм. Энэ утгаараа, олон нийт онцгой анхаарах учиртай байв. Гэвч олны анхаарал яагаад ч юм, өөр зүгт шилжсэн. Уг нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Түр хороо тайлангаа хэлэлцсэн. Яг тэр өдөр Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэх үйл ажиллагаа идэвхжиж, улмаар МоАХ-ны дарга Х.Баттулга Төрийн ордонд очсон. Энэ зуурт Түр хороо хаалттай хуралдаж, тайлангаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Сонсголыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй үлдсэн. Тиймээс олон нийтийн дунд, зарим ажиглагчид, судлаачид “...Нүүрсний хулгайн талаар хамгийн гол мэдээллийг өгөх учиртай байсан сонсгол нь бензинд, тайлан нь Х.Баттулгад дарагдчихлаа” гэцгээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.