Сомалийн өлсгөлөн хүмүүнлэгийн гамшгийн хэмжээнд хүрлээ
Сомали улсад сүүлийн дөрвөн борооны улирал дарааллан хун тунадас бага унаснаас болж ихээхэн ган гачиг тохиогоод байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэргийг зохицуулах газрын дарга Мартин Гриффитс Сомали улсад хүмүүнлэгийн сүйрэл нүүрлээд байгааг хэлж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Сомалиас гадна Этиоп, Кени улсуудад нөхцөл байдал хүнд байгаа юм. Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хэт хуурайшилт, халалтаас болж өлсгөлөнд өртөх хүний тоо 22 саяд хүрнэ гэдгийг НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анхаарууллаа.
Зөвхөн Сомали улсад л гэхэд 7.8 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, нэг сая орчим хүн орон гэрээсээ дүрвэжээ. Эмнэлгийн үйлчилгээ болон хүнсний тусламж авч чадахгүй байгаа алслагдсан бөглүү нутгийн иргэдэд хүрч ажиллахын чухлыг мөн онцоллоо.
Холбооны засгийн газрынхаа эсрэг зэвсэг барин босч байгаа Аль-Шабаб бүлэглэл тусламжийн цувааг замаас нь саатуулах тохиолдол их байдаг юм.
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Сомали улсад 2011 онд өлсгөлөнгөөр 260,000 орчим хүн амиа алдсаны бараг тэн хагас нь зургаагаас доош насны хүүхдүүд байжээ.
Эх сурвалж: Eagle.mn