Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах журмыг шинэчилнэ

708
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны  журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

“Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29 ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ. Энэхүү журмын дагуу нийслэлийн 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайд 35 байгууллага төсөл хэрэгжүүлэх эрхтэй байгаа аж. Журмын хэрэгжилтэд дүгнэлт хийж, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор нийслэлийн харъяа 4, төсөл хэрэгжүүлэгч 41 байгууллагад албан бичиг хүргүүлж, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар нь санал авчээ.
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд тухайн газрын өмчлөгтэй тохиролцоонд хүрч чаддаггүй, дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалт бага, худалдан авалт муу зэрэг шалтгаануудыг хэлсэн талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгалаа. Дээрх шалтгаан нөхцөлийг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д хоёр өөрчлөлт, 10 нэмэлт заалт оруулахаар ажлын хэсэг боловсруулжээ.

Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод дараагийн хуралдаанд дахин хэлэлцэхээр тогтлоо. Энэ үеэр зөвлөлийн гишүүд Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцэв.

Яармагийн гэр хорооллын бүс нь нам давхрын сууцны хороолол болох бөгөөд гол гудамж замууд нь дундаж давхрын орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжууд байгуулагдахаар төлөвлөгджээ. Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гэр хорооллыг хамран байрлах 5475 нэгж талбар бүхий 268 га гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах юм байна. Нийт талбайг зургаан хэсэгчилсэн талбайд хувааж дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх бөгөөд 40200 хүн амтай, 11100 өрх амьдрах, 7680 хүүхдийн суудалтай ерөнхий сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байхаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр мэдээллээ. Ийнхүү тус асуудлыг дараагийн  хуралдаанаар дахин хэлэлцэхийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.