“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд "Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ

794

Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асар их өгөөжтэй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгууллалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалд "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртээлээ.      
Тэрбээр 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг 2020.03 дугаар сараас амжилттай эхлүүлж, асар богино хугацаанд барилгын ажлыг эрчимтэй гүйцэтгэн, одоогоор тус чиглэлийн 125 км төмөр зам дээр галт тэрэг явахад бэлэн болоод байна. Уг чиглэлийн төмөр зам нь 2022 оны 07 сарын 01-нд дуусах бөгөөд ашиглалтад орсноор жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болж, тээвэрлэлтийн өртөг 4 дахин буурахаас гадна улсад жилд 20-28 сая ам долларын татвар төлж, 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ашиг засгийн газарт өгнө. Энэ нь улс орны эдийн засагт бодит дэмжлэг болох юм. Төслийн ажил одоогоор нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй амжилттай хэрэгжиж байна.      
Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Монголчууд түүхэндээ анх удаагаа бие даан гүйцэтгэсэн үндэсний томоохон бүтээн байгуулалт эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх нэгэн том үйлс та бүхний сэтгэл зүтгэлээр бий болж байна. Шинэ төмөр замын төслийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км нийт 700 гаруй кмын төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж анхныхаа тээвэрлэлтийг хийхэд ойрхон байна. Монголчууд бүтээн байгуулалт, тэр тусмаа үндэсний хэмжээний  төмөр замын том бүтээн байгуулалтыг бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил хэрэг болгосон бахархал омогшил өөрийн эрхгүй төрж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.      
Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал "Төр засгаас надад анх 3 жилийн өмнө том даалгавар өгсөн. Одоо манай хамт олон 380 гаруй инженер, техникийн ажилтантай болж өргөжин, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд захиалагчийн хяналтыг амжилттай хийж дуусгалаа. Тавантолгой-Гашуунсухайтын ерөнхий захиалагчийн хяналтаар мөн ажиллаж байна. Энэ бүхнийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадсандаа баяртай байна. Энэ "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх эрхэм үнэ хүндтэй цолыг надад биш миний хамт олон, МОНГОЛ ИНЖЕНЕР-үүдэд өглөө гэж ойлгож байна” гэв.   
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийг анх 5 хүнтэй үүсгэн байгуулж байсан бол өдгөө 2 жилийн хугацаанд 400 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч, мэргэжилтэй боловсон хүчнээр хүрээгээ тэлж, төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлсэн компани болж чадсан юм.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.